Монгол хэлний үнэлэмжийг дээшлүүлэх чухал алхам

“Манай судалгаа – Бид юу судалдаг вэ?” | Монгол хэлний түвшин тогтоох шалгалт – TOMFL

МУИС-ийн Багшийн хөгжил, суралцахуйг дэмжих төв “Манай судалгаа – Бид юу судалдаг вэ?” мультимедиа нийтлэлийг бэлтгэн хүргэдэг. /Өмнөх дугаарыг ЭНД дарж үзнэ үү./

Тус цувралын энэ удаагийн дугаарт TOMFL буюу Монгол хэлний түвшин тогтоох шалгалтыг Монгол Улсад анх удаа боловсруулсан багийн гишүүд оролцлоо.

Монгол хэлний түвшин тогтоох TOMFL шалгалтыг боловсруулах багт Д.Заяабаатар, Б.Мөнгөнцэцэг, Г.Баттогтох, Ж.Ганбаатар, С.Алтантуяа, Э.Уранбилэг, Б.Лхагважав, Н.Оюундарь, Б.Баяртуул нар ажиллажээ.

“Манай судалгаа – Бид юу судалдаг вэ?”

Овог, нэр: Бадмааванчингийн Мөнгөнцэцэг

Албан тушаал: МУИС-ийн дэд профессор

Заадаг хичээл: Эх судлал, Хэл шинжлэлийн онол, Монгол хэлний өгүүлбэрийн утга судлал, Монгол хэлний өгүүлбэр судлал, Монгол хэл бичиг, найруулга зүй /Ерөнхий суурь/, Өгүүлбэр зүйн онол судалгаа

Судалгааны чиглэл: Монгол хэлний өгүүлбэр зүй, Монгол хэлний үгийн сан судлал

Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: munguntsetseg.b@www.num.edu.mn

Овог, нэр: Жавзандуламын Ганбаатар

Албан тушаал: МУИС-ийн дэд профессор

Заадаг хичээл: Хэл шинжлэлийн үндэс /Ерөнхий суурь/, Монгол хэлний бүтээвэр судлал, Монгол хэлний бүтээврийн найруулга зүй, Монгол хэл шинжлэлийн уламжлал, шинэчлэл, Монгол хэл шинжлэлийн уламжлал, Монгол хэл шинжлэлийн түүх

Судалгааны чиглэл: Монгол хэлний үг зүй

Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: ganbaatarj@www.num.edu.mn

Овог, нэр: Ганбатын Баттогтох

Албан тушаал: МУИС-ийн багш, доктор

Заадаг хичээл: Хэл шинжлэлийн үндэс /Ерөнхий суурь/, Монгол хэлний үгийн сан, утга судлал, Монгол хэлний найруулга зүй, Монгол хэлний бүтээвэр судлал, Монгол хэлний бичгийн хэл, Монгол хэл бичиг, найруулга зүй /Ерөнхий суурь/

Судалгааны чиглэл: Монгол хэлний өгүүлбэр зүй, Эх судлал

Судалгааны ажлын тань талаар холбогдох боломжтой цахим хаяг: battogtokh_g@www.num.edu.mn

Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын талаар?

Хэтийн төлөвлөгөө, судалгааны амбиц

Монгол хэлний шалгалтын стандарт бол монгол хэлний үнэлэмжийг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдолтой зүйл. Учир нь гадаадад олон хүн, олон төрлийн зорилгоор Монгол хэл сурч байгаа. Тэр хүмүүсийн хувьд монгол хэлний мэдлэгийн түвшнээ үнэлүүлэх, ямар түвшинд буйгаа мэдэх сонирхолтой байдаг. Тийм хүсэлтүүд ч бидэнд их ирдэг юм. Өмнө нь тэдгээр хүмүүсээс шалгалт авах гэхэд нэгдсэн шалгалт байдаггүй байсан. Харин одоо бид монгол хэлний мэдлэгийн түвшинг үнэлж чадах нэгдсэн шалгалтын стандарттай боллоо. Солонгос руу ажил хийхээр явж буй хүмүүс Солонгос хэлний шалгалт өгдөг гэдгийг бид мэддэг. Тэгэхээр манай энэ шалгалт бол түүнтэй ижил гэж ойлгож болно. Тухайлбал, МУИС-д элсэн орж буй гадны оюутнууд, Монголд ажил эрхлэхээр ирж буй хүмүүс гэх мэт олон төрлийн хүмүүс энэ шалгалтыг өгдөг болох юм.

Багш хүн өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг, хэрхэн суралцдаг бол?

Ж.Ганбаатар: Оюутнуудад хичээл зааж буй багшийн хувьд өөрийгөө өдөр тутам хөгжүүлж байх ёстой. Ялангуяа нийгэм, хүмүүнлэгийн салбар бол өдөр тутам шинэ зүйл гарч, ойлголтууд өөрчлөгдөн, онолын хандлага өөр болж буй энэ цаг үед гадаад, дотоодын эрдэмтдийн бүтээлийг уншиж, судлах хэрэгтэй. 10 жилийн өмнө бидний уншиж, ойлгож байсан зүйл өнөөдөр өөр болсон байх жишээтэй. Миний зааж байгаа хичээлээр, миний хийж байгаа судалгаагаар хаана ямар хүн, ямар бүтээл хийсэн байна вэ гэдгийг цаг тутамд нь олж үзэхийг эрмэлздэг.

Та бүхний мэргэжил эсвэл судалгааны ажлын тань талаар нэмэлт мэдээлэл авч болох ном, сэтгүүл, кино, цахим хуудас эсвэл?

Монгол хэлний түвшин тогтоох шалгалт TOMFL цахим хуудас – https://tomfl.mn

Оюутнуудад өгөх зөвлөмж?

  1. Сурах бол дадал. Тиймээс суралцах арга барилаа хурдан олж авах хэрэгтэй. Сайн суралцсан хүнээс үлгэр дуурайл, алдаа гаргасан хүнээс сургамж авах; цагийн хуваарь, ажлын төлөвлөгөөгөө гаргаж, үр бүтээлтэй байхыг хичээгээрэй.
  2. Сурах бол үйл явц. Мэдлэгийн ертөнц цаг үргэлж шинэчлэгдэн баяжиж байдаг. Тиймээс шинэ мэдлэг олж авахыг зорьж, тасралтгүй сурахыг зориорой.
  3. Сурах бол баяр баясгалан. Баярлаж, бахдаж, дурлаж сурсан юм үлддэг. Тиймээс мэргэжлээ зөв сонгож, эрдэм мэдлэгт шимтэх сураарай.
  4. Сурах бол багийн ажил. “Ганцаараа хурдан явж болно, гэхдээ хол явахгүй. Харин олуулаа удаан боловч хол явна” гэдэг үг бий. Аливаа юмыг нэг толгой бодох, олон толгой бодох өөр байдаг. Тиймээс хамтарч ажиллаж сураарай.
  5. Сурах бол харилцаа. Өөрийгөө шүтэх гэмээс зайлсхийж, өөр бусдыг үргэлж хүндэлж харьцах нь өсөн дэвжихийн үүд юм. Тиймээс хүнтэй сайхан мэндэлж, хүнийг хүндэлж, хүнд талархаж сураарай.

 

Манай судалгаа бол…  

Монгол хэлний түвшин тогтоох шалгалтын үндсэн аргачлалыг боловсруулсан. Энэ аргачлал ямар бүтэцтэй байх буюу аргачлалд тохируулсан шалгалт маань ямар бүтэцтэй байх, юуг багтаах, ямар агуулгыг хамааруулах вэ, ямар мэдлэгийг үнэлэх вэ, энэ шалгалтад бэлтгэж байгаа хүн юуг анхаарах тухайг багтаасан жишиг сорилгыг гаргасан. Тухайлбал, нэгдүгээр түвшин гэхэд ямар үг багтах, өгүүлбэрийн бүтэц нь ямар байх, хэл зүйн дүрэм нь ямар байдаг тухай тусгайлан програм зохиож, түүн дээрээ тулгуурлан тухайн түвшний хүний сонсох, унших чадварыг шалгах зөвхөн анхан шатны дүрэм бүхий сорилгуудыг хийсэн.

Манай судалгааны үр дүнд бий болсон энэхүү түвшин тогтоох шалгалт Монгол хэлний үнэлэмжийг дээшлүүлэх чухал алхам болно гэж найдаж байна.​

Leave a Reply