Судалгаа / Хамтрах боломж / МУИС дахь инноваци

МУИС дахь инноваци

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ

МУИС-ийн Инновац, технологи дамжуулах төв анх 2011 онд байгуулагдсан бөгөөд байгуулагдсан цагаасаа эхлэн МУИС-ийн оюуны өмчийг хамгаалах, ашиглах, зах зээлийн эргэлтэд оруулах, технологийг үнэлэх, технологи дамжуулах, патент лицензийн тоог нэмэгдүүлэх, инновацын дэд бүтцийг хөгжүүлэх, оюуны өмчийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх, бүрэлдэхүүн салбар сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг нийгэмд дэлгэрүүлэх, гарааны компани байгуулах, төр-их сургууль-аж үйлдвэрийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, инновацын менежмент болон технологи дамжуулалтыг оновчтой зохион байгуулахыг зорьж ажиллаж байна. 2023 оны МУИС-ийн бүтцийн өөрчлөлтөөр тус төв Шинжлэх ухаан технологийн парк харьяанд шилжиж, Технологи дамжуулах төв нэртэй болсон. 

МУИС-ийн оюуны өмч

 МУИС нь Оюуны өмчийн талаар баримтлах бодлого, Технологи дамжуулах журмыг 2012 оноос хойш батлан мөрдөж байгаа ба одоогоор 127 оюуны өмчийн эрхийг эзэмшиж байна. МУИС-ийн нэр дээр батлагдсан шинэ бүтээлүүд шинжлэх ухааны судалгааны чиглэлийн хувьд материал судлал, цэвэр энергийн технологи, ургамлын биотехнологи, хими, физик, биологи хүрээлэн буй орчны технологи зэрэг чиглэл давамгайлж байна. Сүүлийн жилүүдэд сэргээгдэх эрчим хүчний технологи, мэдээллийн технологийн хөгжүүлэлтийн чиглэлд оюуны өмч бүтээх үйл явц нэмэгдэх хандлагатай байна.

Багш, оюутны стартап хөтөлбөр

МУИС-ийн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, инновацын судалгаа шинжилгээний ажил, төсөл хөтөлбөрүүдийг зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулах, салбар дундын судалгаанд багш оюутны хамтын оролцоог идэвхжүүлэх, багш судлаачдын хамтарсан гарааны компани байгуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос “МУИС-Стартап лаб” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн ба 2018 оноос тус хөтөлбөрийг “Багш оюутны стартап” “NUM Startup 3.0” хөтөлбөр болгон өргөжүүлж жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.

Уг хөтөлбөр 2023 онд 7 дахь удаагаа зохион байгуулагдаж, нийт 42 багийн 250 орчим багш оюутнууд хамрагдаад байна. Хөтөлбөрт хамрагдсан багууд хагас жилийн хугацаанд гарааны ХХК байгуулах бүх төрлийн сургалтад хамрагдах ба шилдэг 3 багт гарааны тэтгэлэг олгодог. Өнөөдрийн байдлаар МУИС-ийн эрдэм шинжилгээний санхүүжилтээс нийт 21 багт 183 сая төгрөгийн гарааны тэтгэлэг олгосон ба мөн уг хөтөлбөрийг Рио Тинто Монгол компани 2020 оноос хойш дэмжин ажиллаж байгаа бөгөөд эхний гурван жилийн хугацаанд жил бүр 30 сая төгрөгийн санхүүжилт олгосон бол 2023 оноос хойш гурван жилийн хугацаанд жил бүр 100 сая төгрөгийн санхүүжилт олгож байгаа юм. 

Стартап хөтөлбөр, гарааны компанийг хөгжүүлэх, дэмжиж ажиллах зорилготой хамтын оффист багш, судлаачид, оюутан та бүхнийг урьж байна. Хаяг: МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төв 506, 507 тоот

Инновацийн төсөл

Монгол Улсын Их Сургууль нь хөгжлийн стратегийн тэргүүлэх чиглэлдээ, судалгаа шинжилгээний ажлын хамрах хүрээг өргөжүүлж, түвшнийг дэлхийн жишигт нийцүүлнэ гэсний дагуу шинжлэх ухааны мэдлэг, ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд ашиглах, шинжлэх ухааны үндэстэй шийдлийг санал болгох, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, төр-хувийн хэвшил-аж үйлдвэр-их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх замаар нийгмийн өмнө хүлээсэн өөрийн үүргээ гүйцэтгэх, эрдэм шинжилгээ, судалгаа, технологи дамжуулалт, инновацийн орлогыг нэмэгдүүлэх, лицензийн гэрээ байгуулах зорилтын хүрээнд жил бүр багш, судлаачдыг дэмжих инновацийн тэтгэлэг олгодог. МУИС нь Инновацийн төсөлд 2017 оноос хойш нийт 12 судалгааны багт  358,3 сая төгрөгийн санхүүжилт олгосон.

Мөн 2024 оноос Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк байгуулагдаж, судалгааны ажлаараа тэргүүлж буй 3 багийн судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хагас үйлдвэрлэл, туршилтын цехт шилжүүлэн, бүтээгдэхүүн зүгшрүүлэлтийн үйл ажиллагааг эхлүүлж байна.

Холбоотой линкүүд

Технологи дамжуулах төв

Шинжлэх ухаан, технологийн улаанбаатар парк, Монгол улсын их сургууль

Хаяг: 505, 506, 507 тоот, Багш оюутны хөгжлийн төв, Их сургуулийн гудамж – 1, Бага тойруу, 8-р хороо, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, Монгол улс

Утас:  +976-75754400-1160

Мэйл: tto@num.edu.mn

Вэбсайт: innovation.num.edu.mn