Археологийн судалгааны төв энэ онд 15 төслийг амжилттай хэрэгжүүлэв

МУИС-ийн Археологийн судалгааны төв энэ онд найман улстай хамтарч 15 төслийг амжилттай хэрэгжүүлэв

МУИС-ийн Археологийн судалгааны төв 2023 онд Архангай, Булган, Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Хэнтий, Өвөрхангай, Дундговь зэрэг найман аймгийн нутагт Франц, Герман, АНУ, Их Британи, Монако, Израил, Итали, Япон Улстай хамтарсан 15 төслийг амжилттай хэрэгжүүлэв. Үүнд, Дорноговь аймгийн Алтанширээ сумын Ширийн чулуунд хүрэл, хүннүгийн булш оршуулга, мөн аймгийн Дэлгэрэх сумын Аваргын овоонд нарийвчилсан хайгуул, хүрэл, төмрийн түрүү үе, дундад зууны булш оршуулга, Өвөрхангай аймгийн Бат-Өлзийт, Хужирт, Архангай аймгийн Хотонт сумын зааг Орхоны хөндийд хиргисүүрийн дагуул байгууламжийн судалгаа, Архангай аймгийн Их Тамир сумын Гэндэн булагт буган хөшөөний судалгаа, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Товгот, Халтарын балгасны малтлага, мөн аймгийн Онгон сумын Таван толгойн монголын үеийн язгууртны булшны малтлага судалгаа зэрэг олон шилдэг судалгаанууд багтаж байна.

Мөн энэ онд Баян-Өлгий, Архангай, Дорнод зэрэг гурван аймгийн нутагт “Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт”, “Монголын говь, тал хээрийн бүсийн эртний нүүдэлчдийн эрхлэх аж ахуй, нийгмийн харилцааг археологийн хэрэглэгдэхүүнээр тодруулах нь”, “Тамирын Улаан хошууны хүннү булшны судалгаа” гэсэн хүрэл, төмрийн түрүү үе, дундад зууны археологийн дурсгалыг бүртгэн баримтжуулах, малтан судлах зорилготой үндэсний төслийг зохион байгуулахын зэрэгцээ Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагын захиалгаар нийт 12 аймгийн 24 сумын нутагт нийт 32 удаагийн археологийн авран хамгаалах судалгааны ажлын хүрээнд 229 археологийн дурсгал шинээр илрүүлэн баримтжуулжээ.

Жилийн хугацаанд судалгааны төвийн судлаачид нэгэн сэдэвт бүтээл гурав, хамтын бүтээл нэг, “Web of Science” индекстэй сэтгүүлд нийт долоон өгүүлэл хэвлүүлсэн байна.

Монголын археологичдын 2023 оны шилдэг хээрийн судалгааны нэгээр “Монгол Алтайн хадны зургийн геоархеологийн судалгаа ба дижитал сэргээлт” төсөл шалгарч өндөр амжилт гаргав. Тус төвийн гэрээт ажилтан Г.Энхбаярын судалгаа Залуу судлаачдын “Хүрэл тогоот” уралдаанд Нийгэм хүмүүнлэгийн салбарын шилдэг илтгэлээр шалгарч БШУЯ-ны сайдын нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг хүртжээ.

Leave a Reply