Элсэлт / Ахисан түвшин / Сурах боломжууд

Сурах боломжууд

Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм.

МАГИСТР, ДОКТОРЫН СУРГАЛТ

Хөтөлбөрийн зорилго нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобал ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм.

МАГИСТРЫН СУРГАЛТ

МУИС-ийн магистрын хөтөлбөр нь судлаач болон мэргэжлийн магистр гэсэн 2 хэлбэртэй байна.

Судалгааны магистр: сургалтын төлөвлөгөө нийт 30 багц цаг байна.

Судалгааны магистрын хувьд магистрын судалгааны ажил бичиж, эрдэм шинжилгээний 4 багц цаг биелүүлнэ. Үндсэн хичээлийн хувьд ерөнхий суурь хичээл 3 багц цаг, мэргэжлийн хичээл 6 багц цаг, мэргэшүүлэх 8 багц цаг  байна.

Мэргэжлийн магистр: сургалтын төлөвлөгөө нийт 32 багц цаг байна.

Мэргэжлийн магистрын хувьд магистрын судалгааны ажил бичихгүй мэргэжлийн дадлага хийж багц цаг биелүүлнэ.

Үндсэн хичээлийн хувьд ерөнхий суурь хичээл 4 багц (харилцааны чадвар, гадаад хэл ), мэргэжлийн хичээл 12 багц цаг, мэргэшүүлэх 12 багц цаг, мэргэжлийн дадлага 4 багц цаг байна.

Салбар дундын магистр: хөтөлбөрийн сургалтын төлөвлөгөөний нийт багц цаг 32-36 байна.

Магистрын хөтөлбөрүүдэд тухайн чиглэлээс өөр бакалаврын боловсрол эзэмшсэн элсэгчидэд зориулсан хөтөлбөр боловсруулж болно. Хөтөлбөрийн нийт багц цаг 15 хүртэл байх бөгөөд тухайн шинжлэх ухааны бакалаврын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс бүрдэнэ.

     Магистрын хөтөлбөрт суралцагчийн хувьд улиралд дунджаар 10 багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судлавал зохих багц цагийн дээд хэмжээ 12 байна.

Мэргэжил өөрчилж суралцахтай холбоотойгоор судлах бэлтгэл сургалтын хугацааг судлах багц цагийн хэмжээнээс хамааруулж бүрэлдэхүүн сургуулийн захирлын шийдвэрээр тогтооно.Энэ хугацаа 2 улирлаас ихгүй байна.

Магистрын эрдэм шинжилгээний ажлын багц цаг нь удирдагч багшийн удирдлага дор хичээлийн туслахаар ажиллах, бакалаврын семинарын хичээлд бэлдэх, оюутнуудын хичээлийн явцын болон улирлын шалгалтын материал засах, бакалаврын оюутнуудад хичээлийн зөвлөгөө өгөх, эрдэм шинжилгээний хуралд оролцоход туслах, зөвлөгөө өгөх, удирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллаж судалгааны ажлын үр дүнг хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж цуглуулсан байх шаардлагатай.

Магистрын ажил нь профессор багшийн удирдлаган дор магистрант бие даан эрдэм шинжилгээний судалгаа хийж, тэнхимд урьдчилсан байдлаар болон магистрын ажлыг хамгаалуулах комисст хамгаалах судалгааны ажил юм. Бүрэлдэхүүн сургуулийн онцлог, тухайн хөтөлбөрөөр олгох цогц чадамжийн шаардлагаас хамааран магистрын ажилд патент, биеэ даасан үзэсгэлэн, бизнес төлөвлөгөө, эрх зүйн бодлогын судалгааг оруулж болно.

ДОКТОРЫН СУРГАЛТ

Докторын сургалтын төлөвлөгөө нь нийт 60 багц цаг байна. Үүнд:

  • Мэргэжлийн хичээл 8-9 багц цаг,
  • Мэргэшүүлэх хичээл 14-15 багц цаг, /үүнээс 6 багц цагийг бусад тэнхим, сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн, их сургуулиудаас сонгон судлана/
  • Эрдэм шинжилгээний ажил 12 багц цаг,
  • Докторын диссертаци 24 багц цаг байна.

Докторын хөтөлбөрийн хувьд улиралд дунджаар10/эчнээ бол 6/ багц цагийн хичээл судлах нь зохимжтой бөгөөд судлавал зохих багц цагийн дээд хэмжээ 15/ХЗС бол13/ байна.

Докторын сургалтын хугацаа 3-4 жил байна. Тодорхой болзол хангасан докторантыг бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэрээр экстернат хэлбэрт шилжүүлэн суралцуулж болох бөгөөд бүрэлдэхүүн сургуулийн захирлын тушаалаар баталгаажуулна. Үүнд:

  • Их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад сургалт, эрдэм шинжилгээний ажлыг 8-аас дээш жил хийсэн туршлагатай,
  • Эрдэм шинжилгээ, сургалтын 15-аас доошгүй бүтээл хэвлэн нийтлүүлсэн, үр дүн нь диссертацид орохгүй бүтээлүүд нь мэргэжлийн ба мэргэшүүлэх хичээлүүдийн багц цагтай дүйцүүлэн тооцох боломжтой,
  • Агуулга нь докторын диссертацийн 75 дээш хувийг хангахуйц бүтээл бичиж бэлэн болгосон.

     Экстернатаар суралцахыг хүссэн докторантын эрдэм шинжилгээний ажлын агуулга, чанар, үр дүнгийн талаар үнэлгээ өгч, бүтээлээр нь тооцох багц цагийг тодорхойлж, суралцах болзол хангасан тухай бүрэлдэхүүн сургуулийн эрдмийн зөвлөлийн шийдвэр гарсан байна.

Докторын хөтөлбөрт тухайн чиглэлээс өөр магистрын боловсрол эзэмшсэн элсэгчидэд элсвэл суралцах хөтөлбөрийн нийт багц цаг 15 хүртэл байх бөгөөд тухайн шинжлэх ухааны магистрын түвшний мэргэжлийн суурь хичээлүүдээс тухайн докторантын судлах чиглэл, өмнө эзэмшсэн боловсрол, мэдлэг, туршлагыг харгалзан удирдагч багшийн саналыг үндэслэн хөтөлбөрийн дэд хороо шийдвэрлэн суралцуулна.

Докторант нь мэргэжлийн хичээлийн багц цагийг амжилтай судалсаны дараа докторын судалгааны ажлыг эхлүүлэхийн өмнө нэгдсэн шалгалт өгнө. Нэгдсэн шалгалт авах бүрэлдэхүүн, хуваарийг холбогдох тэнхим, хөтөлбөрийн хорооны саналыг үндэслэн бүрэлдэхүүн сургуулийн захирал батална.

Докторын эрдэм шинжилгээний ажлын багц цагийг удирдагч багшийн удирдлага дор докторант сургалтын туслах ажилтнаар ажиллаж бакалаврын хичээлийн лекц, семинарын хичээл заах, удирдагч багшийн удирдлага дор судалгааны туслахаар ажиллах, удирдагч багштай хамтарч хийсэн судалгааны ажлын үр дүнг Томсон Ройтерс, Скопус зэрэг дэлхийн шинжлэх ухааны мэдээллийн санд бүртгэлтэй болон бусад хөндлөнгийн хянан магадлагаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж цуглуулсан байх шаардлагатай.

Магистр, докторын эрдэм шинжилгээний багц цаг, магистрын судалгааны ажил, докторын диссертацийг тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу тооцно.