Бидний тухай / Түүхэн замнал

Түүхэн замнал

Монгол Улсын Их Сургууль (товчлол МУИС) нь 1942 оны 10-р сарын 5-нд байгуулагдсан, Монгол Улсын анхны их сургууль юм.

80+

Жилийн түүхт сургууль

  •  

                                                                                                    МУИС-ЫН ТОВЧ ТҮҮХ

Монгол улсын их сургуулийн зорилго нь анх байгуулагдсан тэрхүү цаг үеэс эхлэн тухайн үеийн эрх баригч нам, төрийн баримт бичгүүдэд тодорхойлогджээ. Тэрхүү зорилго нь шинэ нийгмийг байгуулахад хүчин зүтгэх өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх явдал байлаа.

Улс ардын аж ахуй, соёлын салбар өргөжин, мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ асар их болж байгааг үндэслэн ХАА, үйлдвэр соёлын болон хүн амын эрүүл мэнд чинээлэг амьдралыг улам дээшлүүлэх дээд боловсролтой боловсон хүчнийг олноор бэлтгэх шаардлага тулгарч байсан учраас үндэсний их сургууль байгуулах түүхт шийдвэр гаргажээ.

Ийнхүү бий болсон нөхцөл бололцоо боломжыг нэгтгэн дүгнэж 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурал тус орны сургууль боловсролыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлж, дээд сургууль байгуулах хэрэгцээ шаардлага, нөхцөл боломж нэгэнт бий болсныг заасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Намын Х их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Университетийг Ардын гэгээрүүлэх яамны харьяанд байгуулж хичээлийг 1941 оны 9 дүгээр сард нээхээр тогтжээ.

Энэ тогтоолд “Монгол улсын дотор анхдугаар дээд сургууль болох Улсын университетийг мал эмнэлэг, зоотехникч, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлэгийн гэсэн 3 анги бүхийтэйгээр Ардын Гэгээрүүлэх Яамны харьяанд Улаанбаатар хотноо байгуулсугай” гэжээ.

Монголын ард түмний түүхэнд анхны дээд сургууль болох Улсын университетийг нээх ёслол 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо одоогын В.И.Лениний нэрэмжит клубт болжээ. Нээлтэнд университетийн анхны багш, оюутнууд, Зөвлөлтийн мэргэжилтнүүд, хөдөлмөрчдийн төлөөлөгчид оролцсон энэхүү ёслолын хуралд нам засгийн удирдагчид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцож хэлсэн үгэндээ дэлхийн хоёрдугаар дайны хүнд түгшүүртэй нөхцөлд ЗХУ-ын тусламжтайгаар манай улсад анхны их сургууль нээгдэж байгаа явдлын түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.  Улсын университет байгуулсан гол зорилго нь шинэ нийгмийг байгуулах үйлсэд хүчин зүтгэх өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх явдал байлаа. 

МУИС нь анагаах ухаан, мал эмнэлэг-зоотехник, багшийн гэсэн гурван факультеттэй, мал эмнэлэг, биологи, тоо физик, органик хими, органик бус хими, анатоми зэрэг мэргэжлийн 7 тэнхимтэй анхны хичээлээ эхлэж тэнд үндсэн ангийн 93 оюутан, бэлтгэл ангийн оюутан суралцаж эхэлжээ. Оюутнууд дайны үеийн гачигдал зовлог амсаж байсан боловч сурч мэдэхийн төлөө дайчлан суралцаж байлаа. Тус сургууль нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу шинэ салбар, факультетуудыг нээсээр байв.

1947 онд Нийгмийн ухааны факультет

1951 онд Хими биологийн багш бэлтгэх тусгай салбар

1956 онд Манж, төвд, англи, франц хэлний анги

1957 онд театрын найруулагчийн анги, агротехникийн анги

1958 онд Геологийн анги

1961 онд Орой, эчнээ сургалтын факультет

1961 онд Механик инженерийн анги

1962 онд Цаг уурын инженерийн анги

1964 онд Барилга инженерийн факультет

1965 од Эрчим хүчний факультет

1968 онд Мэргэжил дээшлүүлэх факультет

1969 онд Механик технологийн факультет тус тус байгуулагджээ.

–Багш нарын факультетээс үүсвэрлэн 1951 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг байгуулжээ.

–Зоотехник , мал эмнэлгийн факультетууд өргөжин хөгжсөөр 1958-1959 оны хичээлийн жилээс эхлэн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль байгуулагдав.

–1961-1962 оны хичээлийн жилд анагаах ухааны факультет  Анагаах Ухааны Дээд Сургууль болон өргөжив.

–1959 онд эдийн засгийн факультетийг Эдийн засгийн дээд сургууль болгон өргөтгөсөн боловч 1967 онд уул уурхайн факультеттэй дахин нэгтгэж эдийн засгийн факультет болжээ.

–1969 онд инженер техникийн факультетуудыг нэгтгэсэн Политехникийн дээд сургуулийг байгуулсан. Политехникийн дээд сургууль нь 1982 онд МУИС-аас өрх тусгаарлан гарсан нь өнөөгийн ШУТИС билээ.

–1982 онд Орос хэлний багшийн дээд сургууль МУИС-аас салбарлан гарсан нь өнөөгийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон өргөжижээ.

Харин 1989-1990 оны зааг үеэс монголын нийгэм түүний дотор дээд боловсролын салбарт өрнөсөн өөрчлөлт шинэчлэлийн үйл явц нь сургуулийн эрхэм зорилго, зорилтыг шинэчлэн томъёолох шаардлага, хэрэгцээг бий болгосон билээ. Эдүгээ “МУИС-ийн эрхэм зорилго бол байгаль, нийгэм, хүмүүнлэгийн салбарт сургалт эрдэм шинжилгээний ажлаараа үндэсний цөм байж, нийгэмд манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг Монгол улсын тэргүүлэх их сургууль байхад оршино”. Эл эрхэм зорилгоос үүдэн МУИС-ийн стратегийн төлөвлөгөөнд сургуулийн эрхэмлэн дээдлэх үнэт зүйлс, стратегийн зорилтуудыг тодорхойлсон юм. МУИС нь Монголын нийгмийн оюуны цөм, эрдмийн уурхайн хувьд хүний хүчин зүйл, бүтээлч байдлыг хөхүүлэн урамшуулах, эрдмийн эрх чөлөө ба хариуцлагыг эрхэмлэх, шудрага ёс, нэгдмэл байдлыг дээдлэх зэргийг өөрийн үнэт зүйл хэмээн эрхэмлэж байна.

1990-1991 он хичээлийн жилийн байдлаар тус сургууль үндсэн 6 факультет, хүрээлэн 1, мэргэжил дээшлүүлэх болон бэлтгэл факультет, ерөнхий §оловсролын гүнзгийрүүлсэн сургалттай анги, тэнхим 34, эрдэм шинжилгээний лаборатори 10, хичээлийн кабинет лаборатори 64, мастерийн газар 2, дадлагын бааз газар 6 тайгаар сургалт, эрдэм шинжилгээний ажлаа явуулж байлаа.

Аливаа улсын шинжлэх ухаан, дээд боловсролыг хөгжүүлэх бодлого нь улс орныхоо бие даасан байдлыг хангах зорилтыг шийдэхээс эх авах нь зүйн хэрэг. Монгол улс эрх зүйт төрийн тогтолцоог бүрэлдүүлж, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжиж, улс орныхоо цаашдын хөгжил дэвшлийн хувь заяаг өөрийн хүчинд тулгуурлан шийдэх замыг сонгосон үед МУИС-ийн оюуны чадавхийг эрчимтэй хөгжүүлэх үүрэг нь асар их юм.

МУИС гэдэг өнөр гэр бүлийн гишүүдийн ихэнх нь тус сургуульд суралцагч оюутан залуучууд юм. 1990-1991 оны хичээлийн жилд үндсэн болон бэлтгэл ангид 2033 оюутан суралцаж байсан бол 2001-2002 оны хичээлийн жилд бакалаврын зэргийн сургалтанд өдөр, орой, эчнээ хэлбэрээр 7 100 гаруй, магистр, докторын зэргийн сургалтанд 1 300 гаруй суралцагч, гадаадын нийт 144 оюутан нийт 8 600 орчим хүн суралцаж байлаа.

 

                                                                      МУИС-ийн шинэчлэн байгуулсан бүрэлдэхүүн сургууль, нэгж, төвүүд

Шинэчлэн байгуулагдсан бүрэлдэхүүн түүний нэгж

                        Хөгжин өөрчлөгдсөн үе

1

Биологи биотехнологийн сургууль

-1942 онд анх байгуулагджээ. Багш нарын факультетийн бүрэлдэхүүнд биологийн тэнхим нэртэй байв.

-1958-1991 оны хичээлийн жилд Байгалийн ухааны факультет

-1991-1996 оны хичээлийн жилд Биологийн сургалт, эрдэм шинжилгээний хүрээлэн

-1996 оны хичээлийн жилээс Биологийн  факультет

-2010 оноос  Биологи  биотехнологын сургууль

2

Геологи газар зүйн сургууль

-1956 оны хичээлийн жилд Газар зүйн салбар анх байгуулагджээ.

-1998 оны хичээлийн жилд Газар зүй, геологийн факультет

-2010 оноос Газар зүй геологийн    сургууль

3

Гадаад хэл, соёлын сургууль

-2000-2001 оноос Гадаад хэл соёлын сургууль

4

Математик компьютерийн сургууль

-1942 онд анх байгуулагдсан анхны салбар.

-1942-1956 онуудад багш нарын факультетийн харъяанд

-1962-1991 онуудад физик,математикийн факультет

-1991-1997 онуудад математикийн факультет

-1997 онд Математик, компютерийн сургууль

5

Монгол хэл соёлын сургууль

-1945-1960 онуудад Хэл бичиг утга зохиолын факультет

-1960-1990 онуудад Хэл бичгийн факультет

-1990-1996 онуудад Монгол судлалын хүрээлэн

-1996-1998 онуудад Монгол судлалын сургууль

 -2000 онд Монгол хэл, соёлын сургууль

6

Мэдээлэл технологийн сургууль

-2003 онд Мэдээлэл технологийн сургууль

7

Олон улсын харилцааны сургууль

-1990-1991 онд Олон улсын харилцааны дээд сургууль

-2000 онд Олон улсын харилцааны сургууль

8

Физик электроникийн сургууль

-1942 онд анх байгуулагдсан анхны салбар.

-1942-1956 онуудад багш нарын факультетийн харъяанд

-1962-1991 онуудад физик, математикийн факультет

-1991-1997 онуудад физикийн факультет

-1997 онд Физик электроникийн сургууль

9

Хими, хими инженерчлэлийн сургууль

-1955 онд анх байгуулагджээ.

-1957-1998 онуудад Байгалийн ухааны салбарт харъяалагдаж иржээ.

-1998 оны хичээлийн жилд Химийн факультет

-2010 оны хичээлийн жилээс Хими, хими инженерчлэлийн сургууль

10

Эдийн засгийн сургууль

-1947 оны хичээлийн жилд анхны анги

-1957 оны хичээлийн жилд факультет

-1959 оны хичээлийн жилд Эдийн засгийн дээд сургууль

-1991-1996 оны хичээлийн жилд Эдийн засгийн сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн

-1996-1997оны хичээлийн жилээс Эдийн засгийн сургууль

11

“Авай” теле студи

-1996-1997 оны хичээлийн жилд

12

Байгалийн ухааны төрөлжсөн сургалттай дунд сургууль

-1996 онд Турк улстай хамтран байгуулсан

   /2009 онд татан буугдасан/

13

Буддын соёлын судалгааны тев

-1997 онд НШУС, МХСС-ийн дундын харъяалалтай

14

Монгол судлалын төв

-2001 онд Мэрэгжлийн салбаруудын хооронд зохицуулах үүрэгтэй.

15

Математикын хүрээлэн

-1967 онд байгуулагдсан. 1997 онд МУИС –ийн харьяанд шилжин ирсэн.

16

“МУИС” хөгжлийн сан

-1997 онд Сургуулийг хөгжүүлэхэд санхүү, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх

17

Түрэг судлалын төв

-2001 онд МХСС-ийн дэргэд

18

Мэргэжлйин дидактик сургалтын төв

-2001 онд МДСА-ны дэргэд

19

Тестийн төв

-2000 онд Бакалаврын сургалтын албаны харъяанд

20

Экологийн боловсролын төв

-1998 онд “Бүх нийтийн экологийн боловсролын Үндэсний хөтөлбөр” хэрэгжүүлэх зорилготой

21

Цөмийн  судалгааны хүрээлэн

-1957 онд байгуулагдсан. 1997 онд МУИС-ийн харьяанд шилжин ирсэн

22

Завхан аймаг дахь салбар сургууль

-1999 онд эдийн засгийн коллежийг МУИС-ын Завхан дахь салбар сургууль болгон өргөтгөв.

23

Орхон аймаг дахь салбар сургууль

-1996 онд МУИС-ийн Орхон аймаг дахь салбар сургууль болон өргөтгөв.

-Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 3-ны 293-р тогтоолоор МУИС-ийн бүрэлдэхүүнээс гарав.

24

Шинжлэх ухааны сургууль

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор

25

Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор

26

Хууль зүйн сургууль

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор

27

Бизнесийн сургууль

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор

28

Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор

29

Ховд сургууль

Засгийн газрын 2022 оны 08 дугаар сарын 3-ны 293-р тогтоолоор МУИС-д нэгдэв.

30

Улаанбаатар сургууль

Засгийн газрын 2022 оны 08 дугаарс сарын 3-ны 293-р тогтоолоор МУИС-д нэгдэв.

31

Дорнод сургууль

Засгийн газрын 2022 оны 08 дугаарс сарын 3-ны 293-р тогтоолоор МУИС-д нэгдэв.

32

Худалдаа үйлдвэрлэлийн сургууль

Засгийн газрын 2022 оны 08 дугаарс сарын 3-ны 293-р тогтоолоор МУИС-д нэгдэв.

2004-2005 оны хичээлийн жилийн УИХ-ын ивээл дор Монголын залуу үеийн ассоциацаас санаачлан явуулсан судалгаагаар “ХХ зууны Монголын хөгжилд гарамгай үүрэг гүйцэтгэж, үнэтэй хувь нэмэр оруулсан шилдэг байгууллагаар” МУИС шалгарсан нь олон нийтийн зүгээс МУИС-ийн нөлөө байр суурийг өндрөөр үнэлдгийн илэрхийлэл болов.

Ардчилал, шинэчлэлийн жилүүдэд МУИС-ийн материаллаг бааз ихээхэн өргөжиж , хичээлийн 7 байртай болж, шинэ салбар, мэргэжлийн ангиуд олноор нээгдсэн, орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий лабораториуд олширч хангамж эрс сайжирч, хүн хүчний нөөц хийгээд элсэгч суралцагчийн тоо ч нэмэгдсээр ирсэн байна. Үүнийг сүүлийн 10 жилийн зарим статистик үзүүлэлтээс харьцуулан харж болно. Тухайлбал 2001-2002 оны хичээлийн жилд “өдрийн ангид 6211, оройн ангид 486, эчнээ ангид 428 бүгд 7125 оюутан, магистрын сургалтанд 857, докторын сургалтанд 451, гадаадын суралцагч 144, Байгаль эх лицей болон Турктэй хамтарсан байгалийн ухааны төрөлжүүлэн гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургуульд 199 сурагч, бүгд 8901 суралцагчтай. Профессор багш 551, эрдэм шинжилгээни ажилтан 24, сургалт, эрдэм шинжилгээ, үйлчилгээний ажилтан, ажилчид 415 ажиллаж, бүх шатны сургалтыг нийтдээ 1870 хүн төгссөн бол  2010-2011 оны хичээлийн жилд “962 профессор багш, 721 ажилтан ажилчид, 696 докторант, 2351 магистрант, бакалаврын 19466 оюутан, гадаадын 255 суралцагч, Байгаль эх лицей, Манлай ахлах сургууль, Орхон салбар сургуулийн дэргэдэх ахлах сургуулийн  409 сурагчтайгаар, бүрэлдэхүүн 16 сургууль, 94 тэнхим, судалгааны ажил голлон эрхлэх 34 хүрээлэн, төв, лаборатори, захиргаа ба төвлөрсөн сангийн 20 нэнжтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны үйл ажиллагаа явуулж иржээ. 

2010 онд Монгол улсын Засгийн газрын тогтоолоор Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль,  Улаанбаатар их сургуулийг МУИС-ийн харьяанд нэгтгэснээр 14 бүрэлдэхүүн сургууль, орон нутагт Орхон, Завхан, Баянхонгор гэсэн 3 салбар сургуултай болсон энэ үед компьютер, электроник, мэдээллийн технологийн 4 сургууль, хэл соёлын 5 сургууль, эдийн засаг, худалдааны 2 сургууль, ижил төстэй хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулаг тэнхимүүд, тэр ч байтугай нэг сургуульд ижил нэртэй 2 тэнхимтэй болсон байлаа. Дээд боловсролын сургалтын байгууллагын үндсэн нэгж болох тэнхим нь бүтэц, орон тооны хувьд том жижиг ялгаатай болж, тэнхмүүд хичээл, хөтөлбөрүүдийг мэдэлдээ өмчлөн авсан байв. Ижил төстэй хөтөлбөрүүд болон санхүү төсвийн хувьд сургуулиуд төсвөө өөрсдөө хийж төсвийн хөрөнгийн хяналтгүй зарцуулалт гэх мэт хүчин зүйлийн улмаас МУИС –д бүтцийн өөрчлөлт хийх нь зайлшгүй хэрэг болж байлаа.

2013 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн МУИС-ийн Удирдах зөвлөлийн 05 дугаар тогтоолоор МУИС-ийн одоогын байгаа бүтцийг тогтоожээ. Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.11.2 заалтыг үндэслэсэн уг тогтоолд:  Монгол Улсын Их Сургуулийн бүтцийг дор дурдсанаар шинэчлэн тогтоосугай гэжээ.

  1. Шинжлэх ухааны сургууль
  2. Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль
  3. Хууль зүйн сургууль
  4. Бизнесийн сургууль
  5. Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль гэсэн бүрэлдэхүүн сургуультай байхаар тогтоожээ.

14 сургууль 93 тэнхимийг 6 сургууль 33 тэнхим болгон нэгтгэн томруулснаар нэг тэнхим дунджаар 20 орчим багштай болсон. Бүтцийг томруулснаар үйл ажиллагааны давхардал , хийдэл арилж, сургалт, судалгаа, санхүү, хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого явуулах боломж бүрджээ.

2017-2018 оны хичээлийн жилд МУИС-д бакалаврын хөтөлбөрт 16 035 оюутан, магистрын хөтөлбөрт 3011 оюутан, 840 докторант нийт 19 886 оюутан суралцаж байсан байна.

2020-2021 оны хичээлийн жилд МУИС-ийн эрдмийн хамт олон шилдэг 4916 элсэгчийг элсүүлэн суралцуулж нийт 1306 багш, ажилтан, 21000 оюутантай сургалт, судалгааны сургууль болоод байна. Энэ оны байдлаар МУИС-ийн хэмжээнд бакалаврын түвшний 111, магистрын түвшний 154 /судалгааны, мэргэжлийн/ докторын түвшний 46 хөтөлбөрөөр 14152 багц цагийн 3270 хичээл заагдаж байна. Үндэсний болон хамтын ажиллагаатай гадаадын их дээд сургууль, байгууллагатай хамтран 147 нэрийн нийт 4,1 тэрбум төгрөгийн өртөг бүхий судалгааны төслийн үр дүнгээс 10 патент, 4 ашигтай загвар, 3 зохиогчын эрх бүртгэгджээ. Мөн гадаадын 162 байгууллагатай хүчин төгөлдөр 211 гэрээ, санамж бичгийн хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг бий болгосон амжилтаар түүхт 80 жилээ угтаж байна. 

2021-2022 оны хичээлийн жилд МУИС нь 6 бүрэлдэхүүн сургууль, 2 салбар сургууль, 42 тэнхимд 662 үндсэн багш, 33 зөвлөх багш /профессор, дэд профессор/, 36 гэрээт багш /профессор, дэд профессор/, 128 цагийн багш, ахлах сургуулийн 23 багш, 28 удирдах ажилтан, 341 гүйцэтгэх ажилтан, нийт 1466 багш, ажилтан, бакалаврын түвшний 15539 оюутан, 3313 магистрант, 1049 докторантын түвшний оюутантай үйл ажиллагаа явууллаа.