Бидний тухай / Түүхэн замнал

Түүхэн замнал

Монгол Улсын дээд боловсролын ууган голомт – МУИС

80+

Жилийн түүхт сургууль

                                                                                                    МУИС-ийн товч түүх

Монгол Улсын Их Сургуулийн зорилго нь анх байгуулагдсан тэрхүү цаг үеэс эхлэн тухайн үеийн эрх баригч нам, төрийн баримт бичгүүдэд тодорхойлогджээ. Тэрхүү зорилго нь шинэ нийгмийг байгуулахад хүчин зүтгэх өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх явдал байлаа.

Улс ардын аж ахуй, соёлын салбар өргөжин, мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ асар их болж байгааг үндэслэн ХАА, үйлдвэр соёлын болон хүн амын эрүүл мэнд чинээлэг амьдралыг улам дээшлүүлэх дээд боловсролтой боловсон хүчнийг олноор бэлтгэх шаардлага тулгарч байсан учраас үндэсний их сургууль байгуулах түүхт шийдвэр гаргажээ.

Ийнхүү бий болсон нөхцөл бололцоо боломжыг нэгтгэн дүгнэж 1940 онд хуралдсан МАХН-ын Х их хурал тус орны сургууль боловсролыг хөгжүүлэх зорилтыг тодорхойлж, дээд сургууль байгуулах хэрэгцээ шаардлага, нөхцөл боломж нэгэнт бий болсныг заасан байна. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлөөс Намын Х их хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс 1940 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 45 дугаар тогтоолоор Монгол Улсын Университетийг Ардын гэгээрүүлэх яамны харьяанд байгуулж хичээлийг 1941 оны 9 дүгээр сард нээхээр тогтжээ.

Энэ тогтоолд “Монгол улсын дотор анхдугаар дээд сургууль болох Улсын университетийг мал эмнэлэг, зоотехникч, сурган хүмүүжүүлэх, хүн эмнэлэгийн гэсэн 3 анги бүхийтэйгээр Ардын Гэгээрүүлэх Яамны харьяанд Улаанбаатар хотноо байгуулсугай” гэжээ.

Монголын ард түмний түүхэнд анхны дээд сургууль болох Улсын университетийг нээх ёслол 1942 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо одоогын В.И.Лениний нэрэмжит клубт болжээ. Нээлтэнд университетийн анхны багш, оюутнууд, Зөвлөлтийн мэргэжилтнүүд, хөдөлмөрчдийн төлөөлөгчид оролцсон энэхүү ёслолын хуралд нам засгийн удирдагчид Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нар оролцож хэлсэн үгэндээ дэлхийн хоёрдугаар дайны хүнд түгшүүртэй нөхцөлд ЗХУ-ын тусламжтайгаар манай улсад анхны их сургууль нээгдэж байгаа явдлын түүхэн ач холбогдлыг онцлон тэмдэглэжээ.  Улсын университет байгуулсан гол зорилго нь шинэ нийгмийг байгуулах үйлсэд хүчин зүтгэх өндөр боловсролтой мэргэжилтнийг бэлтгэх явдал байлаа. 

МУИС нь анагаах ухаан, мал эмнэлэг-зоотехник, багшийн гэсэн гурван факультеттэй, мал эмнэлэг, биологи, тоо физик, органик хими, органик бус хими, анатоми зэрэг мэргэжлийн 7 тэнхимтэй анхны хичээлээ эхлэж тэнд үндсэн ангийн 93 оюутан, бэлтгэл ангийн оюутан суралцаж эхэлжээ. Оюутнууд дайны үеийн гачигдал зовлог амсаж байсан боловч сурч мэдэхийн төлөө дайчлан суралцаж байлаа. Тус сургууль нийгмийн хэрэгцээ шаардлагын дагуу шинэ салбар, факультетуудыг нээсээр байв.

  • Багш нарын факультетээс үүсвэрлэн 1951 онд Улсын Багшийн Дээд Сургуулийг байгуулжээ.
  • Зоотехник , мал эмнэлгийн факультетууд өргөжин хөгжсөөр 1958-1959 оны хичээлийн жилээс эхлэн Хөдөө Аж Ахуйн Дээд Сургууль байгуулагдав.
  • 1961-1962 оны хичээлийн жилд анагаах ухааны факультет  Анагаах Ухааны Дээд Сургууль болон өргөжив.
  • 1959 онд эдийн засгийн факультетийг Эдийн засгийн дээд сургууль болгон өргөтгөсөн боловч 1967 онд уул уурхайн факультеттэй дахин нэгтгэж эдийн засгийн факультет болжээ.
  • 1969 онд инженер техникийн факультетуудыг нэгтгэсэн Политехникийн дээд сургуулийг байгуулсан. Политехникийн дээд сургууль нь 1982 онд МУИС-аас өрх тусгаарлан гарсан нь өнөөгийн ШУТИС билээ.
  • 1982 онд Орос хэлний багшийн дээд сургууль МУИС-аас салбарлан гарсан нь өнөөгийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль болон өргөжижээ.