“...Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсон хүчний хэрэгцээ хурцаар мэдрэгдэж байна. Хэрэв урьд нь бидний хэрэгцээг дунд сургуулиас авч буй боловсон хүчин үндсэндээ хангаж байсан бол хүн амын соёл, улс төрийн түвшин өсөхийн хэрээр жил ирэх тутам дээд боловсролтой мэргэжилтнүүд улам ихээр шаардагдаж байна… Манай оронд дээд сургууль нээж байгаа нь өөрийн эх орондоо дээд мэргэжилтэй үндэсний боловсон хүчин бэлтгэх бололцоог бидэнд анх удаа олгож байна. Өөрийн оронд дээд сургуулийг зохион байгуулахдаа монголын залуучуудад бидний олгох мэдлэг нь манай бүтээн байгуулалтын ерөнхий зорилттой нягт холбоотой байхад бид зорьж, зорьсондоо хүрэх ёстой. Манай анхны дээд сургуулийн оюутан болж буй залуус шинэ амьдралд хөл тавьж байна. Нээгдэж буй дээд сургуульд элсэн суралцагч бүр оюутан болох нь ихээхэн нэр төрийн хэрэг гэдгийг ойлгох ёстой. Түүнчлэн өөртэйгөө маш шаргуу хичээнгүй ажилласан нөхцөлд л дээд боловсролыг жинхэнэ ёсоор олж авна гэдгийг оюутан нэг бүр ойлгох хэрэгтэй. Дээд сургуульд суралцах нь ихээхэн бэрхшээлтэй тулгарна гэсэн үг, тийм учраас оюутан бүр дээд боловсрол олж авах замд тохиолдох саад бэрхшээлийг даван туулахад өөрт байгаа бүх хүчээ дайчилдаг байх ёстой. Дээд сургуулийн оюутан, багш нарын өмнө оюутан нэг бүрийг олж авсан мэдлэгээ ашиглаж чаддаг, мэдлэг оюунаа тасралтгүй боловсронгуй болгодог бүтээлч ажилтан болгон бэлтгэх зорилт тавихыг би хүсэж байна.”
МУИС–ийн нээлтийн баярын хуралд Намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалын тавьсан илтгэлээс
Монгол Улсын Их Сургуулийн эрхэм зорилго нь байгаль нийгэм, хүмүүнлэгийн ухааны уламжлалт болон орчин үеийн салбараар онолын суурь хавсарга судалгаа, туршилт хийж, улсын өмнө дэвшигдсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, монголын ард түмний оюуны сэтгэлгээний ололт, уламжлалыг хадгалан хөгжүүлэх хүн төрөлхтний шинжлэх ухааны мэдлэгийн санд хувь нэмэр оруулах, их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлж, нийгэмдээ үйлчлэхэд оршино.
Шинжлэх ухаан, боловсролын сайдын тушаалаар баталсан
“Монгол Улсын Их Сургуулийн дүрэм” 1996 он
МУИС-ийн эрхэм зорилго бол байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбарт сургалт, эрдэм шинжилгээний ажлаараа үндэсний цөм байж, нийгэмд манлайлах чадвартай мэргэжилтэн бэлтгэдэг Монгол Улсын тэргүүлэх их сургууль байхад оршино.
Монгол Улсын Их Сургуулийн үнэт зүйл
• Хүний хүчин зүйл, бүтээлч байдлыг хөхүүлэн урамшуулах
• Эрдмийн эрх чөлөө ба хариуцлагыг эрхэмлэх
• Шударга ёс, нэгдмэл байдлыг дээдлэх
“Монгол Улсын Их Сургуулийн стратегийн төлөвлөгөө 2000-2005”