Бидний тухай
Багш ажилтан
Уг хичээлээр экологийн өгөгдөл, түүний хэлбэрүүд, хээрийн судалгааны загвар талбай сонгох, хэмжилтийн төрөл (scale), амьтан ба ургамлын популяцийн элбэгшлийг үнэлэх тэмдэглэх-дахин барих, квадратын, шугаман болон зайн судалгааны аргууд, амьтан, ургамлын популяцийн орон зайн тархалтын хэлбэрүүдийг газарзүйн мэдээллийн систем болон статистик арга ашиглан судлах, бүлгэмдлийн үндсэн параметрийг үнэлэх төсөөзүйн коэффициент, кластер анализ, зүйлийн олон янз байдлыг хэмжих арга, газарзүйн мэдээллийн систем (GIS) программ ашиглан байгаль орчныг үнэлэх болон байгаль орчны тандалт судалгаа хийх аргуудын талаар судалж, тодорхой жишээнүүд дээр суралцагчид дүн шинжилгээ хийж, дүгнэлт хийнэ.
Энэ нь экологийн бүтэц, зохион байгуулалтын (бодгаль, популяци, бүлгэмдэл, экосистем зэрэг) бүхий л түвшний судалгаанд хэрэглэгдэх түүвэрлэлтийн арга техник, судлагдаж буй экологийн системийг төлөөлөхүйц өгөгдөл цуглуулах арга, экологийн системийн бүтцийг илтгэх статистик параметрүүдийг өгөгдлөөс үнэлэх, тэдгээртэй холбоотой таамаглалыг дэвшүүлэх, шалгах, дүгнэлт хийх аргын талаар онолын мэдлэг болон хэрэглээний чадвар олгох үндсэн зорилготой хичээл мөн.
Одоо цагт тулгараад буй хүний нийгмээс хүрээлэн буй орчинд учруулж буй асуудлууд ба тэдгээрийн шийдлүүдийн тухай тодорхой жишээнүүд дээр экологийн орчин үеийн концепциудын хүрээнд үзэх болно. Уур амьсгал, түүний өөрчлөлтөөс экосистемд үзүүлэх нөлөө, биологийн олон янз байдал, хотжилтийн үр дагаврын тухай түлхүү үзэх болно.
Энэ хичээлээр экологийн үндсэн ойлголтыг хүний нийгэмд хэрхэн хэрэглэх тухай анхан шатны ойлголт өгнө.
Удиртгал, цэнгэг усны экосистем гэж юу вэ? Цэнгэг усны экосистемд хүний үйл ажиллагааны нөлөө. Усны эргэлт. Усны ай сав, гол горхийн урсац болон бусад физик төлөв байдал, тэдгээрийг хэмжих нь, геоморфологи. Гол горхийн усны хими ба усны чанар. Гол горхийн биологийн бүлгэмдэл, усны чанарын биологийн индикаторууд. Нуурын үүсэл ба нуурын морфометри. Нуурын гэрлийн болон бусад физик шинж чанар. Нуурын усны хими, түүнийг үнэлэх арга. Нуурын усны биологийн бүлгэмдэл: планктон, нейстон, ёроолын организм. Усны экосистем дэх зүйлийн харилцан үйлчлэл, идэш тэжээлийн харилцан хамаарал, тэжээлийн холбооны динамик. Цэнгэг усны экосистемийн процесс: Анхдагч, хоёрдогч бүтээмж, органик бодисын задрал, хуримтлал. Цэнгэг усны экосистем дэх бодисын ба энергийн эргэлт. Усан орчны зүй зохистой менежмент. Голын экосистем дахь онолын ололтууд, тухайлбал голын континуум байдлын зарчим, шим тэжээлийн спираль байдал.
Цэнгэг усны экологи нь урсгал (гол, горхи) болон тогтоол (нуур, цөөрөм ) усан сан, ус намгархаг газарт явагдах физик, хими, биологийн процессын тухай судалдаг хавсрага экологийн салбар юм. Энэ хичээлээр оюутан цэнгэг усны экосистемийн физик, химийн хүчин зүйлс, тэдгээрт усны организмын зохилдох байдлын тухай ойлголтыг эзэмшинэ. Түүнчлэн усны организмын бүлгэмдэл, тэдгээрийн харилцан үйлчлэл, цэнгэг усны экосистемийн процесс, шим тэжээлийн бодисын эргэлтийн талаар мэдлэг олж авна. Мөн экологийн үндсэн зарчим, ойлголтуудыг усан орчны экосистемийн хувьд хэрэглэх, усны экосистемд хүний үйл ажиллагааны зүгээс үзүүлдэг нөлөөг ойлгох чадвартай болно. Усан орчноос дээж авах, түүндээ анализ хийх, гарсан үр дүнг ашиглан усны экосистемийн чанарын тухай дүгнэлт хийх чадвартай болно.
Био-оношлогооны үндсэн ойлголт, түүний ач холбогдол, түүхэн хөгжил, арга зүй, зарчимтaй танилцах. Орчны био-оношлогооны төрлүүд болох фитоиндикаци (орчны нөхцлийг ургамлаар оношлох), зооиндикаци (орчны нөхцлийг амьтдаар оношлох), ус, хөрсний индикатор бологч амьтан, ургамлын зүйлүүдээр, түүнчлэн микробиологи-биохимийн аргуудаар орчны бохирдол, эвдрэл элэгдэл болон бусад шинж чанаруудыг оношлох асуудлыг авч үзнэ.
Амьтан, ургамал, бичил биетэн ба тэдгээрийн амьдарч буй хөрс, ус, агаарт орчны хоорондох харилцан шүтэлцээт уялдаа холбоо, индикатор бологч зүйлүүдээр орчны шинж чанар, төлөв байдлыг оношлох арга зүйн үндэстэй танилцана.
Амьтны хөгжил, эрхтний системүүд, түүний бүтэц зохион байгуулалт, үүрэг, үйл ажиллагаа, гомеостаз ба гормонууд, дотоод шүүрлийн систем, мэдрэлийн систем, булчин, хоол боловсруулах, амьсгалын систем, цусны эргэлтийн систем, дархлааны систем, үржил хөгжил, эволюци, филогенез ба ангилал зүй, амьдралын үүсэл, прокариот ба эукариотууд, сээр нуруугүйтэн болон сээр нуруутан амьтдын гарал үүсэл, эволюцийн олон талт байдал, популяцийн генетик, зан төрхийн экологи, популяцийн экологи, экосистем, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн үйл ажиллагааны талаар үзэж судлах болно.
Организмын эволюци, популяцийн генетик, филогени ба систематикийн тухай ойлголт, амьдралын үүслийн тухай таамаглал, прокариот ба эукариот организм, зан төрхийн экологи, популяцийн экологи, бүлгэмдлийн экологи, экосистем ба биосфер, байгаль хамгаалал, нөхөн сэргээлтийн экологийн үндэс, амьтны эрхтний системүүд, тэдгээрийн бүтэц зохион байгуулалт, үүрэг, үйл ажиллагаа, гомеостаз ба гормонууд, дотоод шүүрлийн систем, мэдрэлийн систем, булчин, хоол боловсруулах, амьсгалын систем, цусны эргэлтийн систем, дархлааны систем, үржил хөгжил, эволюци, филогенез ба ангилал зүйн тухай суурь ойлголтыг суралцагчдад олгоно. Амьд байгаль, ялангуяа амьтны ертөнцийн олон янз байдал, түүний мөн чанар, амьтан болон хүний биеийн эрхтэн системийн бүтэц, үйл ажиллагаа, амьд ертөнц дэх эволюцийн нийтлэг процесс, экологийн хамаарлын талаар шинжлэх ухааны мэдлэгийг суралцагсдад олгож, тэдний амьд ертөнцийг танин мэдэх, ойлгох, хамгаалах, нөхөн сэргээх болон тогтвортой хөгжлийн үзэл санааны тухай ойлголт эзэмшүүлнэ. Мөн энэ хичээл нь биологийн хөтөлбөрт суралцах оюутнуудад мэргэжлийн болон мэргэшүүлэх хичээлийг үзэх үндсэн суурь болно.
Цэнгэг усны экосистемийн физик, хими, биологийн шинж чанаруудтай танилцана.
Цэнгэг усны янз бүрийн бүлгэмдэл дэх биологийн олон янз байдал, бүтээмж, энергийн урсгалыг тодорхойлоход биологийн процесс болон амьд бие усны физик, химийн шинж чанартай хэрхэн харилцан үйлчилж байдгийг ойлгуулах зорилготой.
Уг хичээлээр удиртгал, биологийн олон янз байдлын үзэл санаа, тодорхойлолт, генетик олон янз байдал, гарал үүсэл, хэмжүүрүүд, микробиомын олон янз байдал, зүйлийн олон янз байдлын дэлхийн хэв маяг, түүний шалтгаан, бүлгэмдэл дэх зүйлийн баялаг, зүйлийн элбэг ба ховор байдал, зүйлийн олон янз байдлын индекс, бүлгэмдлийн зүйлийн олон янз байдлын харьцуулсан судалгаа, зүйлийн олон янз байдлын орон зай, цаг хугацааны динамик, бүлгэмдлийн бүтцийг судлах ординацийн хандлага, бүлгэмдэл дэх зүйлийн олон янз байдлын шалтгаан ба үр дагавар, экосистемийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээ, хүний нийгмийн учир холбогдол, биологийн олон янз байдлын хамгаалал, түүний ач холбогдол зэргийг олон улсын сурах бичиг, эрдэм шинжилгээний анхдагч бүтээл, статистикийн програм ашиглан үзэж судална.
Дэлхий нийтэд биологийн олон янз байдлын хомсдлын түвшин “амьдралын түүхэн дэх зургаа дахь удаагийн мөхөл” гэж нэрлэгдэхүйц хэмжээнд хүрсэн нь хүний сайн сайхан амьдралд олон талын үр уршигтай, судлаачдын төдийгүй олон нийтийн анхаарлыг татсан асуудлуудын нэг болоод байгаа билээ. Нөгөө талаар биологийн шинжлэх ухааны бусад салбараас хамгийн их ялгагдах зүйл бол судалгааны объект бүрийн дахин давтагдашгүй байдлаар илрэх вариаци бөгөөд энэ нь биологийн олон янз байдлын нэг илрэл болох тул түүний гарал үүсэл, оршин тогтнох механизм, түүнийг тоон үзүүлэлтээр үнэлэх арга ажиллагаанд суралцах нь биологийн салбарт суралцагсдад хамгийн өндөр ач холбогдолтой мэдлэг, чадвар юм. Иймд “Биологийн олон янз байдлын анализ” хичээлээр суралцагсдад биологийн олон янз байдлын үндсэн гурван түвшин болох генетик, зүйлийн, экосистемийн олон янз байдлын гарал үүсэл, хадгалагдах механизм, шалтгаан-үр дагаврын талаар организмын бүлгээс үл хамаарсан ерөнхий, нийтлэг онолын мэдлэг олгож, биологийн олон янз байдлыг түвшин бүрт үнэлэх тусгай аргуудыг эзэмшүүлж, уг салбарт гарч буй сүүлийн үеийн арга, хандлагуудын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой.