МОНГОЛ УЛСЫН ИХ СУРГУУЛЬ

Бидний тухай


Багш ажилтан

 /  Бидний тухай  /  Багш ажилтан /  Дэлгэрэнгүй мэдээлэл

Дэлгэрэнгүй мэдээлэл


Судалгааны чиглэл:
Сүүлийн 3 жилд зааж буй хичээлүүд. Хичээлийн товч агуулга, зорилгыг хуучирсан эсвэл шинэчлэгдээгүй хувилбараар үзүүлж байж болзошгүй.
Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ECOL304
Багц цаг: 3

Товч агуулга

Агаар мандлын тухай: цаг агаар, уур амьсгал. Агаар мандлын найрлага. Озоны хомсдол. Агаар мандлын хэмжээ. Агаар мандлын дулааны бүтэц, агаар мандлын босоо стратификаци. Дэлхийн гадаргын халалт ба агаар мандал: Дэлхий-нарны харилцаа (дэлхийн хөдөлгөөн ба улирал), дулаан ба температур, дулаан дамжих механизм (кондукци, конвекци, радиаци), нарны гэрэлтэлт (агаар мандлын сарнилт, ойлт, шингээлт), газрын цацаргалт, дулааны төсөв, өргөргийн дулааны баланс. Температур: агаарын температурын өгөгдөл, температурын хяналт (газар ба ус, далайн урсгал, өндөршил, газарзүйн байрлал, үүлшилт ба альбедо), температурын дэлхийн тархалт, агаарын температурын цикл. Чийг ба агаар мандлын тогтвортой байдал: гидрологийн цикл, төлөв байдлын өөрчлөлт, чийгийн хэмжилт, агаар мандлын тогтвортой байдал. Конденсаци ба хур тунадасны хэлбэрүүд: Конденсаци ба үүл бүрэлдэх процесс, хур тунадасны хэмжилт, цаг агаарыг зориудаар өөрчлөх нь. Агаарын даралт ба салхи: агаарын даралтыг хэмжих нь, салхинд нөлөөлөх хүчин зүйлс, гадаргуугийн салхи, (циклон, антициклонтой холбоотой агаарын босоо урсгал), салхины хэмжилт. Агаар мандлын циркуляци: дэлхий нийтийн циркуляци, агаарын даралт ба салхины тархалт, дэлхийн салхи ба далайн урсгал, Эль-Нинё ба дэлхийн цаг агаар, хур тунадасны дэлхийн тархалт. Агаарын массыг ангилах нь. Цаг агаарын хэв маяг: туйлын фронтын онол, фронтууд, циклон, циклогенез (циклон, антициклон үүсэх). Аадар, хар салхи, хар шуурга. Цаг агаарын анализ ба прогноз: цаг агаарын анализ (өгөгдөл цуглуулах, цаг агаарын синоптик карт байгуулах гэх мэт), цаг агаарын прогноз (синоптик прогноз, тоон прогноз, статистик арга, ойрын хугацааны прогноз хийх аргууд, удаан хугацааны хэтийн прогноз, прогнозын оновчтой байдал), цаг агаарын прогноз хийхэд ашигладаг хиймэл дагуулууд. Агаарын бохирдол: агаарын бохирдлын эх үүсвэр ба хэлбэр (анхдагч ба хоёрдогч бохирдуулагчид, агаарын чанарын хандлага), агаарын бохирдолд нөлөөлдөг цаг агаарын хүчин зүйлс, хүчиллэг хур тунадас. Уур амьсгалын өөрчлөлт: уур амьсгалын өөрчлөлтийг тандах нь, уур амьсгалын өөрчлөлтийн байгалийн шалтгаан, уур амьсгалын өөрчлөлтийн хүний хүчин зүйлс, хот суурин газрын уур амьсгал (хот суурин газрын дулааны арал, хот суурин газрын хур тунадас). Дэлхийн уур амьсгал: уур амьсгалын ангилал, уур амьсгалын хяналт (өргөрөг, газар ба ус, газарзүйн байрлал, давамгайлагч салхи, уул, өндөр газар, далайн урсгал, даралт ба салхи гэх мэт).

Зорилго

Цаг агаарын үзэгдлийг нөхцөлдүүлэгч агаар мандлын физикийн процессууд, уур амьсгалын хувьсагчдын (variables) тухай үндсэн ойлголтуудыг өгөхөөс цаг агаарын ба түүний аюулт үзэгдлүүдээс организмын физиологи, популяцийн тоо толгой, экосистемийн процесуудад үзүүлэх нөлөө зэргийн тухай ойлголт өгөх зорилготой. Мөн дэлхийн биом, ургамал ба амьтны биогеографи болон дэлхийн уур амьсгалын түүхэн хувьслын хоорондын хамаарал, эдгээр процесуудад дүн шинжилгээ хийх болон загварчлах (популяци, бүлгэмдэл ба экосистемийн загварчлалд цаг агаар ба уур амьсгалын хувьсагчдыг оруулан тооцоолох), дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөс гарах экологи ба эволюцийн үр дагаврын тухай тал бүрийн ойлголт өгөх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL102
Багц цаг: 3

Товч агуулга

Одоо цагт тулгараад буй хүний нийгмээс хүрээлэн буй орчинд учруулж буй асуудлууд ба тэдгээрийн шийдлүүдийн тухай тодорхой жишээнүүд дээр экологийн орчин үеийн концепциудын хүрээнд үзэх болно. Уур амьсгал, түүний өөрчлөлтөөс экосистемд үзүүлэх нөлөө, биологийн олон янз байдал, хотжилтийн үр дагаврын тухай түлхүү үзэх болно.

Зорилго

Энэ хичээлээр экологийн үндсэн ойлголтыг хүний нийгэмд хэрхэн хэрэглэх тухай анхан шатны ойлголт өгнө.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ECOL302
Багц цаг: 3

Товч агуулга

Үрийн тархалт: янз бүрийн амьдрах орчинд үр тархах хоёр хэлбэр, салхи ба амьтнаар үр тархах үйл явцын үр ашигт нөлөөлөх хүчин зүйлс, үр тархалтын дараах хүчин зүйлс. Үрийн тайван байдал, үрийн сан: тайван байдлын үндсэн хэлбэрүүд, үрийн сан ихтэй байх боломжит амьдрах орчин, үрийн динамик хамгааллын асуудалд хэрхэн хамаарах. Соёололт: физикийн болон орчны нөлөө, соёололтод нөлөөлдөг том болон бага хэмжээний хүчин зүйлс, үрийн соёололтод орчны нөхцлийн үзүүлэх нөлөөг шалгах туршилт. Амьдралын эргэлтийн стратеги: ургамлын янз бүрийн шинж тэмдгийн эволюцийн урвуу хамаарал, МакАртур-Уильсоны r- and K-шалгарлын загварыг Граймын R-C-S загвартай харьцуулах нь. Өрсөлдөөн: зүйлийн дотор, зүйл хоорондын өрсөлдөөнийг шалгах туршилт, өрсөлдөөн явагдах боломжит механизм, аллелопати, Тильманы нөөцийн харьцааны загвар. Ургамал идэшлэлт: “дэлхий яагаад ногоон бэ?”, ургамлын популяцийн зохицуулгад ургамал идэшлэлтийн үзүүлэх нөлөө, бүлгэмдлийн түвшний нөлөө, ургамал идэшлэлтийн эсрэг тэсвэрлэх, хамгаалах механизм, нөөцийн хүрэлцээ хангамж хамгааллын механизм хэрхэн нөлөөлөх вэ? Тоос хүртээлтийн экологи. Популяцийн өсөлт: загварууд, матриц загварт үндэслэсэн менежментийн стратеги. Метапопуляци: метапопуляцийн онол, эх үүсвэр ба дагавар популяци. Ургамлын бүлгэмдэл: ургамлын бүлгэмдлийн зохион байгуулалтын талаарх “суперорганизмын” ба “индивидуалист” онол, градиент, ординаци, орон зай, цаг хугацааны масштаб экологийн судалгаанд хэрхэн нөлөөлөх вэ, ургамалжилт, уур амьсгалын хамаарал, уур амьсгалын “дундаж”-аар уур амьсгалын өөрчлөлтийн ургамалжилтад үзүүлэх нөлөөг тооцох нь, зүйлийн амьдралын эргэлтийн шинж тэмдэг буюу физиологийн зохилдолгоо. Сукцесс: фацилитаци, ингибици, тэсвэрлэлтийн загвар. Бүлгэмдлийн динамикийг загварчлах нь: Марковын загвар. Зүйл зэрэгцэн орших тухай тэнцвэрт болон тэнцвэрт бус загвар. Бүс нутгийн болон дэлхийн хэв маяг: янз бүрийн бүс нутгийн олон янз байдал, олон янз байдал-тогтвортой байдлын хамаарал. Микориз ба фацилитаци. Экосистемийн экологи ба дэлхийн өөрчлөлт: бодисын эргэлт, зүйлийн халдалт, болон азотын хуримтлал гэх зэрэгт экосистемийн бүрэлдэхүүн хэсгүүдийн гүйцэтгэх үүрэг.

Зорилго

“Ургамлын экологи” хичээлээр ургамлын экологийн гол үзэл санаа, ургамалжилт ба амьдрах орчин хоорондын харилцан хамаарал, ургамлын зохилдолгоонууд, сукцессийн процессууд, ургамал ашиглалт ба хамгааллын менежментийн нөлөө, хөнөөлт үзэгдлүүдийн нөлөө, ургамалжилтын судалгааны арга зүй ба анализуудын талаар мэдлэг олгох зорилготой болно. Уг хичээлийг судалснаар бэлчээр, газар тариалан, нөхөн сэргээлт зэрэг салбарт ургамлан нөмрөгийг хэрхэн зүй зохистой ашиглах, хамгаалах зэрэг суурь мэдлэгийг олж авах ач холбогдолтой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ECOL705
Багц цаг: 3

Товч агуулга

Экосистемийн экологийн судлах зүйл, түүх. Экосистемийн бүтэц. Экосистемийн процессуудыг хянагч хүчин зүйлүүд. Хүний үйл ажиллагаанаас үүссэн дэлхийн экосистемүүдийн өөрчлөлт. Дэлхийн уур амьсгалын систем Дэлхийн энергийн баланс. Атмосфер болон далайн системүүдийн бүтэц ба эргэлтүүд, тэдгээрийн уур амьсгалд гүйцэтгэх үүрэг. Хуурай газар болон ургамлан нөмрөгийн уур амьсгалд үзүүлэх нөлөө. Гадаргын энергийн баланс. Экосистем рүү ус орох ба гарах механизмууд. Экосистем доторх усны шилжилт. Эвопораци, транспираци. Фотосинтез ба түүний хэлбэрүүд. Фотосинтезийн процессийг тодорхойлогч хүчин зүйлүүд. Фотосинтезийн экосистемд гүйцэтгэх үүрэг. Экосистемийн нийт ба цэвэр анхдагч бүтээмж. Нийт ба цэвэр анхдагч бүтээмжийг тодорхойлогч хүчин зүйлүүд. Экосистемийн нүүрстөрөгчийн хуваарилалт. Экосистем дэхь N, P, S-ийн эргэлтүүд. Цаг хугацаа, орон зайн динамик. Сукцесс. Алтернатив тогтвортой төлөв байдал. Зүйлүүд экосистемийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөх. Экосистемийн үйлчилгээ, экосистемийн инженерүүд. Экосистемийн концепцийг менежментэд хэрэглэх. Экосистемийн нөхөн сэргэх чадвар ба тогтвортой байдал. Ойн экосистемийн менежмент. Загасны аж ахуйн менежмент. Экосистемийн нөхөн сэргээлт. Ховор зүйлүүдийн менежмент. Экосистемийн бүтээгдэхүүн ба үйлчилгээг үнэлэх.

Зорилго

Энэ хичээл нь оюутанд үетэнт хээрийн экосистемийн экологийн шинжлэх ухааны үндсэн ойлголт, мэдлэгийг олгоно. Хичээлийн үндсэн зорилго болоод ач холбогдол нь оюутанд үетэнт хээрийн экосистемийн энергийн ба бодисын эргэлт, тэдгээрийн гарал үүсэл болоод бичил биетэй, ургамал амьтнаар дамжих эргэлтийн талаарх мэдлэгийг олгож буйд оршино. Үетэнт хээрийн экосистемийн үндсэн зарчимууд, дэлхийн уур амьсгалын систем, ус болоод энергийн тэнцвэртэй байдлын тухай мэдлэг нь улам бүр тулгамдсан асуудал болж буй дэлхийн дулаарал, цаг уурын гамшигт үзэгдэл болоод тэнд нөлөөлөх хүчин зүйлсийн тухай тодорхой системтэй ойлголтыг оюутанд олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ECOL710
Багц цаг: 2

Товч агуулга

Бэлчээрийн экологийн удиртгал. Бэлчээрийн ач холбогдол ба бэлчээрийн шинж чанар. Бэлчээрийн олон хэв шинж (прери, үетэнт хээр, саванна). Бэлчээрийн түүх. Бэлчээр ашиглалтын нөлөөнд байгаа экосистемийн шинж чанар ба ач холбогдол. Бэлчээрийн ургамлын морфологи ба физиологи. Дефоляци ба бэлчээр ашиглалтын эсрэг ургамлын зохилдолгоо. Бэлчээрийн бүртгэл, үнэлгээ ба мониторинг. Бэлчээрийн зураглал ба мэдээлэл. Бэлчээрийн экосистем. Бэлчээр ашиглалтын зүгээс ургамлын бүлгэмдэл ба экосистемд үзүүлэх нөлөө. Бэлчээрийн ургамлын сукцесс. Төлөв байдал/шилжилтийн загвар. Бэлчээрийн даац. Бэлчээрийн малын тархалтыг сайжруулах арга замууд. Бэлчээр ашиглалтын орон зайн тархалт. Бэлчээр ашиглалтын аргын сонголт. Бэлчээр ашиглалтын менежмент. Бэлчээрийн амьтдын тэжээл. Бэлчээрийн малын бүтээмж. Бэлчээрийн ургамалжилтын манипуляци. Олон төрлийн хэрэглээ бүхий бэлчээрийн менежмент. Бэлчээрийн усан хангамж, бэлчээрийн усны чанар. Харь зүйлийн асуудлууд.

Зорилго

“Бэлчээрийн экологи” хичээлээр бэлчээр, бэлчээр ашиглалт, бэлчээрийн менежментийн талаарх ойлголтыг суралцагсдад өгөх зорилготой. Хичээлээр бэлчээрийн түүх, шинж чанар, байршил, бэлчээрийн ургамлын физиологи, бэлчээрийн экологи, бэлчээрийн бүртгэл ба үнэлгээ, тэтгэх даац (бэлчээрийн даац), бэлчээр ашиглалтын менежмент, бэлчээрийн амьтны бүтээгдэхүүн болон бэлчээрийн олон талт хэрэглээ, бэлчээр ашиглалтын эерэг, сөрөг үр дагавар, бэлчээрийн экосистемийн тогтвортой байдлыг хангах арга замын тухай мэдлэг, анхан шатны чадварыг оюутанд олгоно.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ECOL201
Багц цаг: 3

Товч агуулга

Бодгалийн экологи хичээл нь бодгаль организм ба тэдгээрийн амьдрах орчин хоорондын харилцан хамаарлын зүй тогтлуудыг цаг хугацаа ба орон зайн хэмжээсүүдийн бүхий л түвшинд авч үзэх болно. Хичээлийн нэгдүгээр хэсэгт амьдрах орчны хүчин зүйлүүд ба тэдгээрийн орон зай ба цаг хугацааны өөрчлөлтүүд; хоёрдугаар хэсэгт бодгаль организмын орчны хүчин зүйлүүдэд үзүүлэх физиологи ба зан төрхийн хариу үйлдлүүдийг, гуравдугаар хэсэгт организмын физиологийн процессууд ба зан төрхийн үйлдлүүдийн эволюцийг хичээлийн гуравдугаар хэсэгт судална. Экологийн шинжлэх ухааны судлах зүйл, зорилго. Экологийн тухай ойлголтын үүсэл, хөгжил. Экологийн ухааны талаарх орчин үеийн ойлголт, үзэл баримтлал. Экологи ба бусад шинжлэх ухааны уялдаа холбоо. Экологийн системүүд. Амьдрах орчин ба экологийн ниш. Амьдрах орчны физик хүчин зүйлс. Минимумын хууль. Оптимумын хууль. Шельфордын толерант чанарын хууль. Хүчин зүйлийн шууд ба дам нөлөө. Амьд биеийн экологийн уян хатан чадвар. Усны физик, химийн шинж чанар, түүний амьд биед үзүүлэх нөлөө. Далай тэнгис ба цэнгэг усан орчны ялгаа. Устөрөгчийн ионы концентрацийн амьд биед үзүүлэх нөлөө. Нүүрстөрөгч ба хүчилтөрөгчийн амьд биеийн энергийн солилцоонд гүйцэтгэх үүрэг. Эрдэс бодисууд, тэдгээрийн хүрэлцээтэй байдлаас амьд биед үзүүлэх нөлөө. Амьдрах орчны физик хүчин зүйлсийн хувьсал. Агаарын температур ба хур тунадасны дэлхийн хэмжээний ерөнхий төлөв байдал. Далайн урсгалуудаар дулаан ба чийг хуваарилагдах. Улирал солигдох зүй тогтол. Сэрүүн бүсийн нуур, цөөрмийн дулааны горим. Газрын гадарга ба газар зүйн байршлаас шалтгаалсан уур амьсгал. Walter-ийн уур амьсгалын график. Организмын ус ба давсны зохицуулга. Хуурай газрын ургамлын усны зохицуулга. Осмос, транспираци. Говь, цөлийн организмын усны зохицуулга. Хөрсний шинж чанараас хамаарсан ус ба шим тэжээлийн бодисын хүрэлцээт байдал. Гиперосмотик ба гипо-осмотик организмууд. Организмын биеэс илүүдэл бодисыг гадагшлуулах механизм. Организмын дулааны зохицуулга. Хомеостаз. Хомеотерм ба пойкилотерм организм. Хагас хомеостаз. Хомеостазийн өртөг. Организмд гэрлийн үзүүлэх нөлөө. Гэрлийн энергийн шинж чанар. Гэрлийн хүч, гэрлийн тоо хэмжээ. Гэрэлд амьд биеийн дасан зохицох нь. Амьдрах орчны хувьсалд организмын дасан зохицох. Proximate ба ultimate хүчин зүйлс. Зохилдолгоо, генотип ба фенотип. Фенотипийн уян хатан байдал. Үйл ажиллагааны орон зай (activity space). Микро амьдрах орчин. Аклиматизаци. Хөгжлийн хариу үйлдэл (developmental response). Нүүдэл. Шим тэжээлийн бодисыг нөөцлөх. Ичих (мөн зуны диапауз). Организмын идээшлэх хамгийн тохиромжтой орон зай (central foraging theory). Орчны нөөцийн хуваарилалт ба организмын амьдралын эргэлтийн стратеги. Организмын бие гүйцэх (хамгийн анх үржилд орох нас), амьдралынхаа туршид хэдэн удаа үржилд орох, нэг удаагийн үржлээр хэдэн үр төл гаргах, хэд наслах зэрэг нь орчны нөөцийн хуваарилалтаас хамаарах. Организмын хөгшрөлт.

Зорилго

Энэ хичээлээр экологийн шинжлэх ухааны сонгодог салбаруудын нэг болох бодгалийн экологийн онолын суурь ойлголт, уг салбарын судалгааны ерөнхий аргазүй, тэдгээрийн практик хэрэглээний талаар мэдлэг, тодорхой хэмжээний хэрэглээг лекц, семинарын хичээлээр эзэмшүүлнэ

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: BIOL800
Багц цаг: 3

Товч агуулга

Биологийн шинжлэх ухааны мөн чанар, шинжлэх ухааны арга зүй, шинжлэх ухаан нийгмийн үйл ажиллагаа болох, шинжлэх ухаан ба идеалоги, эртний ба дундад зууны үе дэх байгалийн шинжлэлийн үзлүүд (Эртний Грек ба Ром, Плато ба Аристотель гэх мэт), Дундад зууны сэргэн мандалт ба хувьсгал, Дэлхийн гарал үүслийн үзэл баримтлалууд (Нептунизм ба Плутонизм), 17 ба 18-р зууны соён гэгээрүүлэгчид (Карл Линней, Жан Батист Ламарк ) ба тэдгээрийн үзэл баримтлал, 19-р зууны үеийн дэвшилтэт хөгжлүүд ба тэдгээрийг байгалийг үзэх хүний нийгмийн үзэл санааг өөрчлөхөд оруулсан хувь нэмэр, эволюцийн онол үүсэн бүрэлдсэн нь, 20-р зууны техникийн хөгжил дэвшлийн бусад шинжлэх ухаануудад үзүүлсэн нөлөө, эволюцийн онолын синтез, орчин үеийн экологи ба хүрээлэн буй орчны доройтол ба хамгааллын асуудлууд, шинжлэх ухааны ёс зүй, шинжлэх ухааны гоо зүй, шинжлэх ухааны судалгааны арга зүйн философи хандлага. Эрдэм шинжилгээний бичлэгийн төрөл,бүтэц; судалгааны материалийг олох, үнэлэх, нягтлан судлах; агуулгыг алдагдуулалгүй өөрийн үгээр найруулж бичих, товчилж тэмдэглэх, шууд эшлэх зэрэг тэмдэглэл хийх арга; эрдэм шинжилгээний эссэ (реферат) бичлэгийн стратеги, хэв загвар; судалгааны асуулт (сэдэв) тодорхойлох, бичвэрийн үндсэн санааг тодорхойлж оновчтой илэрхийлэх (тезис боловсруулах), эхний ноорог бичих, үндсэн аргументыг тайлбарлаж, түүнийг жишээ баримт, өөрийн санаагаар дэмжих, параграфуудыг холбох, бичвэрийг баримтжуулах; эхийг засаж сайжруулах, хянах зэрэг бичлэгийн үе шат; бүтээлийн хулгай зэрэг шинжлэх ухааны ёс зүйн зарим асуудал;судалгааны үр дүнг илтгэж танилцуулах; албан бичгийн, товч, дэлгэрэнгүй, харьцуулсан тодорхойлолт бичих, аргазүй, процессыг тайлбарлан бичих, өгөдлийг танилцуулах, үр дүн, шийдэлийн талаар бичих зэрэг англи хэлээр эрдэм шинжилгээний бичвэр бичихэд анхаарах ерөнхий болон тусгай дүрэм үг хэллэгийг авч үзнэ.

Зорилго

Энэ хичээлийн философийн хэсэг нь үндсэн гурван зорилготой. Нэгдүгээрт, суралцагч нь биологийн шинжлэх ухааны түүх болон түүнийг шинжлэх ухааны бусад салбарын хөгжил дэвшилтэйгээр холбоотойгоор хэрхэн өөрчлөгдөж ирсэн болохыг судална. Хоёрдугаарт, биологийн шинжлэх ухаан дахь философийн үзэл санаанууд, тэдгээрийн хөгжлийн үе шатуудыг судална. Гуравдугаарт, биологийн шинжлэх ухааны мэдлэгийг хүний нийгмийн үзэл баримтлалтай хэрхэн хамааруулах, судлаачид өөрсдийн ололт, нээлтээ тайлбарлахад нийгмийн зүгээс хэрхэн нөлөөлдөг зэргийг судлан ойлгох болно. Докторант судалгааны сэдвийн хүрээнд мэдээлэл цуглуулах, үнэлэх, мэдээлэлд задлан шинжилгээ хийж зөв эшлэх, шинэ санаа аргумент дэвшүүлж түүнийгээ оновчтой илэрхийлж бичих, илтгэх чадвар эзэмшүүлэх зорилготой.

Харьяалах тэнхим: МУИС, Шус, Бус, Бт
Индекс: ECOL700
Багц цаг: 3

Товч агуулга

Энэ хичээлээр суралцагчид экологийн шинжлэх ухааны судлах зүйл, эволюци ба экологи, амьдралын эргэлтийн шинж тэмдэг, организмын орон зайн байршлын дүн шинжилгээний арга, орон зайн байршлыг хязгаарлагч хүчин зүйлс, популяцийн үндсэн параметрүүд, популяцийн демографи бүтэц, популяцийн динамикийн цаг хугацаа, орон зайн загвар, зүйл хоорондын харилцааны загвар, популяцийн зохицуулга, популяцийн экологийн хавсарга асуудлууд, бүлгэмдлийн бүтэц, тэнцвэрт ба тэнцвэрт бус бүлгэмдэл, бүлгэмдэл бүрэлдэн тогтох тухай дүрэм (assembly rule), экосистем дэх бодис ба энергийн шилжилт, глобаль экологийн тухай мэдлэгийг гүнзгийрүүлсэн түвшинд үзэж судална.

Зорилго

Экологи нь организмын тархац, элбэгшлийг нөхцөлдүүлэгч зүй тогтлыг судалдаг. Амьдралын үзэгдийн үндсэн бөгөөд нийтлэг зүй тогтлыг судалдаг биологийн ухааны хувьд экологи нь организмаас дээших бүтэц зохион байгуулалтын нийтлэг зарчмуудыг судалдаг цорын ганц салбар болохоос гадна хүний нийгэм, байгалийн хамаарлын олон асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэс болдог. Энэ хичээлээр экологийн онолын болон хэрэглээний салбаруудын талаар гүнзгийрүүлсэн мэдлэг олгож, экологийн үндсэн салбаруудын гол асуудлуудыг анхдагч бүтээлээс нь үзэж судалснаар суралцагсад экологийн процессын мөн чанарын талаар ул суурьтай мэдлэгтэй болж, судалгааны үр дүнд шүүмжлэлтэй хандах дадал, бүтээлч сэтгэлгээ, чадварыг эзэмшихаас гадна өөрийн мэргэжлийн төдийгүй хувийн үйл ажиллагаандаа экологич чиг баримжаагаар хандах дадлыг хэвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой.





Сул хараатай иргэдэд
зориулсан хувилбар
Энгийн хувилбар