Эрхэм хүндэт эрдэмтэн багш, ажилтан, оюутан залуус, төгсөгчид, хамтран ажилладаг түншүүд, ард иргэд ээ!

Монгол улсын ууган их сургууль МУИС байгуулагдаж, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 75 жилийн ойн баярын мэндийг МУИС-д ажиллаж байсан болон одоо ажиллаж буй үе үеийн профессор багш нар, ажилчид, төгсөгчид, оюутнууд, хамтран ажилладаг байгууллагууд болон ард иргэддээ өргөн дэвшүүлье.

МУИС-ийн 75 жилийн ой бол Монгол улсад дээд боловсролтой үндэсний мэргэжилтэн бэлтгэж эхэлсний ой, манай оронд дээд боловсролын тогтолцоо үүсэн буй болсны ой юм. Тэртээ 1942 онд МУИС нь анагаах ухаан, зоотехник, багш нарын гэсэн 3 факультет, математик, физик, биологи, ерөнхий хими, органик хими, мал эмнэлэг, анатоми гэсэн 7 тэнхимтэй байгуулагдаж, үндсэн ангид 93, бэлтгэл ангид 53 оюутан элсүүлж, анхны хичээлээ эхэлсэн түүхтэй. 1946 онд их дээд сургуулийн багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх зорилгоор МУИС-ийн дэргэд аспирантур байгуулан,  1947 оноос элсэлт авч 1950-иад оны эхээр анхны үндэсний эрдэмтэд төрөн гарчээ. МУИС-ийн аспирантурыг төгссөн анхны үндэсний эрдэмтэд эх орондоо шинжлэх ухааны олон салбарын тулгын чулууг тавьж  судалгаа, шинжилгээний ажлыг эхлүүлсэн түүхтэй билээ.

1961 онд Шинжлэх ухааны академи байгуулагдахад МУИС-ийн олон шилдэг судлаач багш нар шилжин ажиллаж, ШУА-ийг өсөж бэхжихэд томоохон хувь нэмэр оруулсан билээ. Түүнчилэн 1957 онд Багшийн дээд сургууль, 1958 онд Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1961 онд Анагаах ухааны дээд сургууль, 1982 онд Политехникийн дээд сургууль, 1982 онд Орос хэлний багшийн дээд сургууль, 2004 онд Ховд их сургууль тус МУИС-иас өрх тусгаарлан, бие даасан дээд сургуулиуд болсон түүхтэй.

1946 онд анхны төгсөлтөө хийснээс хойш МУИС дангаараа 71 удаагийн төгсөлтөөр 100, 000 орчим их сургуулийн боловсролтой мэргэжилтэн бэлтгэж, бакалавр, магистр, докторын сургалт явуулдаг Монгол улсын боловсрол, шинжлэх ухааны тэргүүлэгч гол төв болон өсөн бэхжлээ. Манай төгсөгчид Монгол улсын нийслэл, 21 аймаг, 330 суманд төр, хувийн хэвшил, олон улсын түвшинд чиглэл чиглэлээрээ хариуцлагатай ажил хөдөлмөр эрхэлж, МУИС-ийн нэр хүндийг өндөрт өргөж манлайлан явааг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг.

МУИС нь улс орны хөгжлийн тулгуур, мэдлэгийн цөм болсон үндэсний тэргүүлэх судалгааны их сургууль байж, нийгэм, эдийн засгийн эрэлт шаардлагад нийцсэн олон улсын түвшиний судалгаа явуулан, Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулах үүргээ нэр төртэй биелүүлсээр ирлээ. Энэ бол эрдэмтэн багш, ажилтан, оюутан, төгсөгчид, хамтран ажилладаг байгууллага та бүхний минь хичээл зүтгэлийн үр дүн, хамтын амжилт юм.

Өнөөгийн улам бүр даяарчлагдаж байгаа хөгжлийн чиг хандлага нь биднийг дэлхий ертөнцийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахыг шаардаж байна. Их сургуулиуд улс орныхоо эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгааны ажлыг дэмжих, шинэ технологи, инноваци нээх, түүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, мэдлэгт суурилсан үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд онцгой чухал үүрэг гүйцэтгэх болжээ.

МУИС нь Монгол улсын хувьд онцгой үүрэгтэй оюуны тусгаар тогтнолын баталгаа болсон байгууллага. Монгол улсад байгаль, нийгэм, хүмүүнлэгийн бүх салбарыг бүрэн хамарч сургалт, судалгаа эрхэлдэг цорын ганц тэргүүлэгч байгууллага нь МУИС юм. МУИС нь мэдлэг бүтээдэг, мэдлэг түгээдэг, мэдлэгийн эрэмбэ тогтоох үүргийг гүйцэтгэдэг манлай их сургууль, энэ утгаараа Монголын оюун санааны хөтөч, түүчээ байх үүргийг гүйцэтгэж ирсэн, цаашид энэ үүргээ амжилттай хэрэгжүүлэх итгэл төгс байна.

Монгол улсын төрөөс дээд боловсролын талаар баримтлах үзэл баримтлалд 2024 он гэхэд Монгол улсын дөрвөн их сургуулийг Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд хүргэх зорилт дэвшүүлсэн. Төрөөс дэвшүүлж буй энэ зорилт юуны өмнө манай МУИС-д хамаарна. Азийн орнууд эрчимтэй хөгжиж, дэлхийн шилдэг их сургуулиудын эгнээнд Азийн их сургуулиуд жилээс жилд тасралтгүй нэгдэж буй энэ цаг үед бид амаргүй зорилтыг өмнөө тавьж байна. Энэхүү зорилт нь биднээс ихээхэн хичээл зүтгэл, шинэ менежмент, зохион байгуулалт, нөр их хөдөлмөр, идэвхи санаачлагыг шаардах нь тодорхой бөгөөд хамгийн гол нь олон улс, бүс нутгийн түвшинд өрсөлдөх чадвараа сайжруулахыг биднээс шаардаж байна. Бид дэлхийн түвшинд хүрье, Азийн шилдэг их сургуулийн нэг болохын тулд хамтран зүтгэх шаардлагатай юм.

МУИС-ийн хамт олон бид үндэсний хэмжээнд “Шилдэг багш нар”, “Шилдэг оюутан”“Шилдэг хөтөлбөр”“Шилдэг судалгаа, эрдэм шинжилгээ””Шилдэг удирдлага, менежмент”“Шилдэг орчин нөхцөл”“Шилдэг төгсөгчид” гэсэн тодотгол нэр хүндээ улам бэхжүүлж алсын хараа, зорилтоо нэр төртэй биелүүлэх зориг эрмэлзэл дүүрэн байна.

Монгол улсын ууган их сургууль МУИС байгуулагдсаны 75 жил, үндэсний дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний түүхт ойг тохиолдуулан үе үеийн профессор багш, ажилтан, ажилчид, нийт төгсөгчид, суралцагч оюутнууд, хамтран ажилладаг гадаад, дотоодын түнш байгууллагууд, ард иргэддээ ажил үйлс нь өөдрөг байхын ерөөлийг өргөн дэвшүүлэхийн зэрэгцээ Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд нэгдэх  их үйлсэд бидэнтэй хамтран ажиллаж, биднийг цаг ямагт дэмжихийг хүсье!

Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой.

 МУИС-ийн захирал Доктор Я.Төмөрбаатар