Зочдыг МУИС-ийн захирал, проф С.Даваа, сургалт эрхэлсэн дэд захирал Р.Ринчинбазар, эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Р.Самъяа, БСА-ны эрхлэгч Н.Батчимэг, ГХХ-ийн дарга Д.Баярсайхан нар хүлээн авч уулзан сургуулийнхаа тухай товч танилцуулав.
Тус улсын засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол хэлэхдээ: “Бидний хувьд танай улсын ууган их сургуульд ийнхүү зочилж байгаа нь хүндтэй хэрэг юм. Манай хоёр улс түүх соёл, ёс уламжлалын хувьд нийтлэг зүйлс олон байдаг нь бид хамтран ажиллахад таатай нөхцөл болж байна. Түүнчлэн бид хөдөө аж ахуй, техник технологи, анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн солилцох хүсэлтэй байна. Тува улсаас Монголд ирж суралцах оюутны тоог цаашид нэмэгдүүлэх талаар танай ерөнхийлөгчтэй уулзахдаа ярилцаж, хүсэлт тавьсан” гэлээ.
Ингээд хоёр тал харилцан дурсгалын зүйлс солилцсны дараа МУИС-д айлчилсан нэр хүндтэй зочид гарын үсгээ зурдаг, хагас зууны түүхтэй Дурсгалын дэвтэрт ноён Ш.В.Кара-Оол сэтгэгдэл үгээ бичиж үлдээв.
Бүгд Найрамдах Тува улсаас манай улсад 100 гаруй оюутан суралцдагийн 5 нь МУИС-д сурдаг юм байна.


